УТАС: + 976 70007100
Мэдээ

Төлөөллийн эрхийн бодлого гэж юу вэ?

2019-03-15   310

ТӨЛӨӨЛЛИЙН ЭРХИЙН БОДЛОГО

Төлөөлөл гэдэг нь тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдад (дийлэнх тохиолдолд менежер, удирдах албан тушаалтнаас) аливаа эрх мэдэл, үүрэг хариуцлагыг шилжүүлэхийг хэлнэ. Төлөөлөл нь бизнесийн байгууллагад төлөөллийн эрх (delegation of authority) гэсэн нэр томьёогоор хэрэглэгддэг.

Төлөөллийн эрхийг төлөөллийн эрхийн бодлого (журам)-р хэрэгжүүлэх ба энэ нь үйл ажиллагаа, гүйцэтгэлийг тасралтгүй байдлыг хангахад чиглэгдсэн зохицуулалтын баримт бичиг юм. Төлөөллийн эрхийн бодлогод санхүүгийн болон санхүүгийн бус эрх, үүргийн талаар тусгасан байна. Санхүүгийн бус эрх үүрэгт ихэвчлэн компанийг төлөөлөн хэвлэл мэдээлэлд мэдэгдэл хийх, уулзалтад оролцох  зэрэг олон нийттэй харилцах болон чөлөө олгох, илүү цагийн нэмэгдэл хөлс олгох зэрэг захиргаа, хүний нөөцтэй холбоотой эрх, үүргүүдийг тусгасан байдаг.  

Төлөөллийн эрхийн бодлогыг боловсруулахдаа санхүүгийн болон санхүүгийн бус эрх, үүргийг хоёуланг нь нэг бодлогод тусгаж, аль ч түвшний ажилтанд энгийн байдлаар зураглаж, тайлбарласан байх нь зохимжтой. Мөн бодлогод хэн нэг албан тушаалтны нэрийг тусгах бус зөвхөн албан тушаалаар заасан байх шаардлагатай. Баримт бичгийг боловсруулахдаа байгууллагын дээд шатнаас доош буюу ТУЗ-c гүйцэтгэх захирал (ГЗ), ГЗ-c удирдлагын бүтэц, нийт ажилтан рүү чиглэсэн байдлаар буулгах нь хялбар байдаг. Баримт бичгийг боловсруулах явцад ГЗ, санхүү эрхэлсэн захирал, хүний нөөцийн захирал, дотоод аудиторууд (тухайн байгууллагын голлох удирдлагууд)-аар тэдний эрх мэдэл, чиг үүрэг, харилцааны талаар тодорхой, зөв тусгагдсан эсэхийг баталгаажуулах нь нэн чухал.

Төлөөллийн эрхийн бодлого нь байгууллагад заавал байх ёстой зохицуулалтын баримт бичгийн  нэг бөгөөд ТУЗ, байгууллагын дээд удирдлага шийдвэр гаргах, гарын үсэг зурах үйл явцад байгууллага албан тушаалтнуудын эрх мэдлийн хуваарилалт, үүрэг хариуцлагыг таньж мэдэхэд хялбар байдлыг бий болгодог.

Батлагдсан хүчинтэй бодлогыг нийт ажилтнуудад танилцуулах, уншиж, хэрэгжүүлэхэд хялбар байдлаар түгээн дэлгэрүүлэх, өөрчлөлт шинэчлэлтийг системтэйгээр нэвтрүүлэх нь  амжилттай хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болно.

 

Д.Батболд (BD)

2019.03.15

image credit: seanwes.com

 

» буцах